Monday, December 23, 2013

Хэцүү зүйлүүд

Би энэ блогтоо ерөөсөө дандаа хар бараан юм л бичдэг болжээ. За яахав гоё юмнууды нь тэгж байгаад бичнээ. 2013 он ерөнхийдөө жоохон тиймэрхүү жил болж өнгөрлөө миний хувьд.
Нээх сайхан онцлоод хэлчих ч юм алга. Ажлаа солиод яахав дажгүйээ. Зээлээр ч гэсэн машинтай байртай болсон нь авууштай. Гэхдээ эд хөрөнгө бол түр зуурынх гэдгийг зах зухаас нь ойлгоод байх шиг. Бодвол нас нэмээд хөгширч байгаагийн шинж юм болов уу.

Эхний хагаст нь сайхан зүйл нилээн болсоон болсон. Олон жил хамт байгаагүй эгчтэйгээ хэдэн сар ч болов цуг байсан. 10 жилийн ангийнхантайгаа сургууль төгссөний 10 жилийн ойгоо хийгээд сайхан л байсан. Ажил дээр ч тодорхой хэмжээний ахиц гарсан. Бусад хүмүүсийн хувьд инээдтэй ч удирдах түвшний ажилтай болсон.

Харин сүүлийн хагас жилд нь хэцүү зүйлүүд нилээн их боллоо. Манай 10 жилийн ангийнхан бусад ангийнхнийг бодвол амь нэгтэй гэхиймуу нэгнийхээ жаргал зовлонг хамдаа үүрэлцэж, баяр ёслолоор хамтдаа байхыг хичээцгээдэг.

Юу хэлэх гээд нуршаад байна вэ гэвэл хөдөөгийн жижигхэн сумын сургуулийн тэрүүхэн тэндээ сайн сурлагатай гэсэн хүүхдүүдий нь цуглуулсан жижигхэн сургуулийн хүүхдүүд амь нэгтэй байхаас ч яахав. Гэр орон аав ээж ах дүү гээд бараг бүгдийг нь мэддэг. Өөрийнхөө аав ээжээс дутахгүй бодож явдын бид нар нэгнийхээ аав ээжийг.

Хамгийн сайн найзын минь ээж, аймагтаа төдийгүй улсдаа нэр төртэй мундаг эмч эгч хүний төлөө гээд дуудлаганд явж байгаад архиндаа солиорсон согтуу хар гайгаас болж автын осолд ороод хорвоогоос хальчихсан. Найзыгаа харахаар л өрөвдөөд үнэхээр хэцүү байсан. Найзын минь аав нь бас мундаг эмч хүн. 3 охин нь тэр аав яасан их шаналж байгаа болоо.

Удалгүй дахиад л муу мэдээ. Бас л багын найзын минь ээж мундаг багш хүн зуурдаар өнгөрчихсөн. Орос англи хэлний багш улсдаа тэргүүлдэг 1-р сургуульд багшилдаг байсан. Ээжийгээ үүрд явчихсантай эвлэрч чадахгүй найз минь бор дарсанд шунах болсон. Амьдралаа алдахаас нь өмнө бид нар найзыгаа сэтгэлээр нь өргөж зовлонг хамт туулахыг хичээж байгаа.

Өмнөх шаналалууд мартагдаагүй байхад бүүр ч муу мэдээ. Хорвоо ямар харгис хатуу юм бэ гэдэг үгийг хичээн ч хэлээд яалтайв. Бас нэг ангийн найзын маань хань тархины хавдартай байсныг хожуу мэдээд арга хэмжээ авах хугацаа байгаагүй учраас бас л тэнгэрт хальчихсан. Хэдийгээр дотны найз биш ч гэсэн аавыгаа дуурайсан хөөрхөн хүүг нь харахаар л нулимс гараад байх юм. Найзын маань нөхөр мундаг зураач байжээ. Ёстой л ид хийж бүтээдэг оргилуун үедээ үнэхээр харамсалтай юм. Хэдхэн жилийн хугацаанд үнэхээр их юм хийж бүтээснийг нь фб-ээс нь үзлээ. Монголын төдийгүй гадны том том тоглолтын тайзыг засдаг байж. Бүх л алдар цуутай мундаг хүмүүстэй найзлаж нөхөрлөж хамтран ажиллаж байж.
 Хүн болгон бурхнаас даалгавартай ирдэг гэж өглөөхөн нэвтрүүлгээр сонссон. Бодвол тэр даалгавараа яаравчлан амжуулчихаад явчихсын боловуу гэж бодохын. Найз минь хүүгийнхээ төлөө мундаг тэвчээр гаргаж наанаа зүгээр байгаа юм шиг харагдсан ч цаанаа сэтгэл нь ямар их шаналж зовж байгаа, тэрийгээ хүүдээ ил гаргаж харуулахгүй гэж хичээж байгааг нь мэдрээд үнэхээр хэцүү байнаа. Цэл залуугаараа ингээд өнчрөөд үлдэх гэж. Үнэхээр харамсаад ч барахгүй юм.
Би яагаад ч юм багаасаа хүний жаргал гэхээсээ зовлонг өөрийн эрхгүй тэр хүний оронд өөрийгөө төсөөлж шаналдаг хүүхэд байсын. Одоо ч тэр хөөрхий найзыгаа бодохоор хэд хоног сэтгэл өвдөөд хэцүү байна. Яагаад ийм харгис хэцүү зовлонг тэр жижигхээн 20 гаранхан настай бүсгүй үүрэх ёстой юм болоо. Ханийгаа дуурайсан хөөрхөн хүүгээ харж л сэтгэлээ дэвтээж байгаа байх даа хөөрхий минь. Хүү нь аавыгаа дуурайсан мундаг зураач болоод ээжийгээ жаргаах байхаа итгэж байна.

No comments:

Post a Comment